Skip to main content

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаягдал цаас дахин боловсруулах “Эко цаас”-ны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр “Монголчууд өөрсдөө хийж бүтээх цаг нь ирсэн, томоохон стратегийн төвшиний бүтээн байгуулалт хийж буй танай хамт олонд амжилт хүсье” хэмээгээд бодлогын төвшинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

2010 онд цаасан хайрцаг, сав, баглаа боодлын бүрэн автомат үйлдвэрийг дотоодын хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулж тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн “ЭкоПак Монгол” ХХК энэ удаа цаасан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрээ нээлээ. Энэ үйлдвэр нь нийлүүлэгчдээс хаягдал цаас худалдан авч хайрцаг, сав, баглаа боодлын анхдагч түүхий эд болох бор цаас өдөрт 30 тонныг үйлдвэрлэнэ.

Үйлдвэрийн экологийн ач холбогдол:

  •  Монгол улсад жилдээ гардаг 3.4 сая тонн хог хаягдлын 18%-ийг эзэлдэг цаасан хог хаягдлыг их хэмжээгээр бууруулна.
  • Үйлдвэрт Европын дэвшилтэт эко технологийг нэвтрүүлсэн бөгөөд зөвхөн саарал ус ашигладаг тул цэвэр усыг их хэмжээгээр хэмнэнэ.
  • Үйлдвэрлэлдээ байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар ч хоргүй химийн бус эрдэнэшишийн цардуу ашигладаг
  •  Нэг тонн хаягдал цаасыг боловсруулсанаар 0.9 тонн бор цаас үйлдвэрлэдэг бөгөөд ингэснээр тонн тутамдаа 17 мод тайрахаас сэргийлнэ.
  • Мөн тэр хэмжээний мод огтолж шинээр цаас үйлдвэрлэхэд зарцуулах байсан 4100 кВт эрчим хүч, 26,5 мянган литр усыг хэмнэнэ.
  • Хаягдал цаасыг булж устгадаг бөгөөд дахин боловсруулснаар тэрхүү хаягдлыг булах байсан 3.2 м3 газрыг хөндөгдөж эвдэгдэхээс хамгаалан унаган төрхөөр нь үлдээнэ.
  • Цаасан хог хаягдлыг шатааж устгахад ялгардаг нүүрсхүчлийн хийг бууруулна. Нэг тонн хаягдал цаасыг шатаахад агаарт 750 кг нүүрсхүчлийн хий ялгардаг.

Эдийн засгийн ач холбогдол:

  • Дотоодын хэрэгцээ болох 6.1 мянган тонн бор цаасны хэрэглээг бүрэн хангаснаар энэ төрлийн импортод зарцуулж буй валютын урсгалыг бүрэн зогсооно.
  •  Дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ экспортод гаргах боломжтой.
  • Цаашид хайрцаг, сав, баглаа боодлын бор цааснаас гадна хэвлэлийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох 80-250 гр шохойтой болон матт цаасуудыг үйлдвэрлэх суурийг тавина. Ингэснээр импортоор орж ирж буй энэ төрлийн 7.1 мянган тонн хэвлэлийн цаасыг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно.
  • Цаасыг булж устгахад гардаг их хэмжээний зардлыг хэмнэнэ.
  • Бизнесийн орлогоос улсад төлөх татвар шимтгэл нэмэгдэнэ.

Нийгмийн ач холбогдол

  • Хаягдал цаасыг мөнгөөр үнэлж авах тул энэ хэрээр айл өрх, албан байгууллагуудын  орлого нэмэгдэнэ.
  • 70 гаруй ажилтныг тогтмол ажлын байраар хангаснаар тэр хэрээр айл өрхийн орлого нэмэгдэнэ.
  • Хогийг үнэ цэнэтэй болгож үнэлж авснаар аж ахуйн нэгж, иргэдийг хогоо ангилж хаях дадал суулгахад хөшүүрэг болно.
  • Гадаад улсын тэргүүний дэвшилтэт технологи, урьд өмнө байгаагүй шинэ үйлдвэрлэлийн нөү хау нэвтэрснээр дахин боловсруулах үйлдвэрийн чиглэлийн боловсон хүчин дотоодод бий болж цаашид өргөжих үндэс суурь тавигдана.
  • Дэлхий нийтээрээ хог хаягдлыг бууруулах, түүнийг дахин боловсруулах үйлсэд бодлогын түвшинд анхаарал хандуулж буй орчин үеийн чиг хандлагатай Монгол улс хөл нийлүүлэхэд бодит, үлгэр жишээ алхам болно.

Сэтгэгдэл үлдээх